ҮЙЛ ХЭРГИЙН ЯЛАЛТ (#10687)

Хүч чадлынхаа мутраар хамаг амьтныг амилуулан бүтээсэн Эзэн тэнгэр таны алдар бадартугай. 
Эзэн тэнгэр минь ээ!  Танаас өөр бүхнээс татгалзсан тэдгээр хүмүүсээ хүчирхэг ялалтаар шагнана уу.  Эзэн тэнгэр минь, шадар зарц нараа тайтгаруулан бэхжүүлж, амжилтанд хүрэхэд нь дэмжиж, тэднийг тэтгэн хамгаалж, тэдэнд алдар гавъяа, өргөмжлөл хүртээж, тэднийг баяжуулж, гайхамшигтай ялалтанд хүрсэн ялан дийлэгч нар болгохын тулд тэнгэр диваажин ба газар дэлхий дээр орших, мөн тэдгээрийн хооронд орших сахиусан сүнснүүдийн цуглааныг шадар зарц нартаа тусламж болгон илгээж хайрлана уу.  
Та бол тэдний Эзэн тэнгэр, тэнгэр диваажин ба газар дэлхийн Эзэн тэнгэр, бүхий л ертөнцүүдийн Эзэн тэнгэр мөн билээ.  Эдгээр шадар зарц нарынхаа хүч чадлаар энэхүү Шүтлэгийг бэхжүүлж хайрлана уу, Эзэн тэнгэр минь.  Тэднийг дэлхийн бүхий л ард түмнүүдээс давамгай болгоно уу.  Учир нь тэд үнэндээ Танаас өөр бүхнээс өөрсдийгөө чөлөөлсөн Таны шадар зарц нар бөгөөд Та бол үнэнхүү үнэнч сүсэгтнүүдийнхээ хамгаалагч билээ.  
Эзэн тэнгэр минь, Таны халдашгүй энэ Шүтлэгт үнэнчээр зүтгэснээр зүрх сэтгэл нь чангаран хатуужиж, улмаар тэнгэр диваажин ба газар дэлхий дээр орших, мөн тэдгээрийн хооронд орших бүхий л зүйлсээс илүү чадалтай болоход нь тэдэнд тусалж, Өөрийн гайхамшигт сүр хүчийн бэлэг тэмдгээр тэдний мутрыг бэхжүүлж хайрлана уу.  Чингэвээс тэд бүхий л хүн төрөлхтний мэлмийн өмнө Таны хүч чадлыг илэрхийлэн харуулах болмой.

-The Báb
-----------------------

ҮЙЛ ХЭРГИЙН ЯЛАЛТ (#10688)

Эзэн тэнгэр минь ээ!  Өөрийн өдрүүдэд Таны замналд өөрсдийн амь биеийг зориулахыг хүссэн тэсвэр хатуужилтай шадар зарц нартаа ялалт хайрлана уу.  Тэдний бодол санааг тайтгаруулах, дотоод сэтгэлийг нь баясгах, зүрх сэтгэлд нь бат итгэл хайрлах, бодь биед нь амар амгалан олгох, сэтгэл оюуныг нь Хамгаас Өргөмжит Бурханы ахуй хүртэл дүүлэхэд нь дэмжих, хамгийн дээд Диваажин болоод жинхэнэ эрдэм ухаан ба буянт чанар агуулагч хүмүүст зориулан Таны заяасан алдрын өргөөнд хүрэхэд нь туслах тэр зүйлийг тэдэнд илгээж хайрлана уу.   Үнэнхүү Та бүхий л зүйлсийг мэднэ, харин бид бол Таны шадар зарц нар, Танд олзлогдогсод, Таны боолууд, Таны хөөрхий шавь нар билээ.  Бурхан тэнгэр минь, бид Танаас өөр эзнийг үл дууднам, Танаас өөр хэнээс ч адислал, буян хишиг үл горилном, аяа, энэ ба дараачийн ертөнцөд энэрэл өршөөл хайрлагч Бурхан Та минь ээ.   Бид чухамхүү үгээгүй ядуу, хов хоосон, чадалгүй дорой, мөхөс бүхний биет илэрхийлэл бол харин Таны Бие бүхэлдээ тансаг баялаг, тусгаар тогтнол, алдар, сүр жавхлан, хязгааргүй буян хишгийн илэрхийлэл болой.   
Энэ ба дараачийн ертөнцөд Таны таалалд нийцэх тэр зүйлээр, мөн дээд тэнгэрээс авхуулан доод газар дэлхий хүртэл тархсан таны үлэмж арвин буян хишгээр биднийг шагнана уу, Эзэн тэнгэр минь.  
Үнэнхүү Та бол бидний Эзэн тэнгэр бөгөөд хамаг амьтны Эзэн тэнгэр билээ.   Танд л хамаарах тэр зүйлсийг хүсэн эрэлхийлж бид гагцхүү Таны мутарт л өөрсдийгөө даатганам.

-The Báb
-----------------------

ҮЙЛ ХЭРГИЙН ЯЛАЛТ (#10689)

Эзэн тэнгэр минь ээ!  Дэлхийн бүх ард түмнүүдэд Өөрийн Шүтлэгийн Диваажинд нэвтрэн орох боломжийг олгоно уу.  Чингэвээс Таны сайн сайхан хүсэл санааны хязгаараас гадна орших нэг ч бодгаль зүйл үлдэхгүй болмой.  
Балар эртний цагаас хойш Та хүссэн бүхнээ гүйцэлдүүлэх чадалтай байсан бөгөөд  таалсан бүхнээсээ ч дээгүүр оршиж ирсэн билээ.

-The Báb
-----------------------

